Montag, 4. August 2025

Нэгэн бяцхан Япон кафе

Өнөөдөр, нэгэн бяцхан Япон кафед очиж цай уулаа. Шинээр нээгдээд удаагүй, нэг их гял цал биш. Харин ч энгийн төлөв газар байв. Герман хэлээр ein kleines bescheidenes Café гэж хэлнэ.


Bescheiden - анх тушаал дэвших тухай яриа болоход „том“ дарга маань та нар ер нь л bescheiden шүү дээ? гэж билээ. Та нар = Азиуд - онигор нүдтэй, том нүдний шилтэй, бараан шулуун үстэй. Би үнэхээр чаддаг зүйлээ л би чадна гэж бардам хэлж чадна аа, энэ даруу төлөв байхтай хамаагүй гэж хариулж байж билээ. Чаддаг бол чаддаг гэж хэлж байхыг, хэлсэндээ хүрдэг байхыг, найдвартай байхыг зааж, үлгэрлэсэн хүмүүс нь миний аав ээж хоёр билээ. 


Би заримдаа тоглоомоор хэлдэг, би зүгээр л том нүдний шилтэй, ази эмэгтэй болохоор автоматаар ухаантай гэсэн үг биш шүү дээ гэж. Энэ ази эмэгтэй энд Европт ирээд нилээд олон жил амьдарчээ. Хэлийг нь сурах, соёлтой нь танилцах, их сургуульд суралцах, дараа нь ажилд орох гээд энгийн, хүний нийгэмд дасан зохицож амьдрахад шаардлагатай бүхнийг хийв. Хэн чиг, хаана чиг хийдэг л зүйлс. Энд Европт, ази эмэгтэйд хэцүү байсан зүйлс их. Гэрээ санах бол энгийн зүйл. Харин ч ази эмэгтэй жил бүр гэртээ хариад ирдэг байв. Тэр бүр Монголчууд ойр ойрхон гэрээдээ явдаггүй байв. Чи ямар их мөнгөтэй юм бэ? Монгол эмэгтэй нээг их мөнгөтэйдөө биш, зүгээр гэртээ хариад ирэх нь чухал байдаг байсан учир яаж ийгээд явдаг байв. Priorität - чухалд эрэмбэлэх. Хүн чухал гэж бодсон зүйлдээ цагаа, мөнгөө, өөрийгөө зориулж чаддаг. Зарим хүнд гэр бүл, үр хүүхэд нь, зарим хүнд цалин сайтай ажил нь чухал. Монгол эмэгтэйд сургуулиа төгсөх маш чухал байв. Монгол эмэгтэйд ажлаа сайн хийх маш чухал байв. Монгол эмэгтэйд жилдээ ганц нутагтаа очоод ирэх маш чухал байв. Монгол эмэгтэй боломжийн жаргалтай аж төрж байв. Монгол эмэгтэй холын энэ оронд хангалттай дасжээ. Монгол эмэгтэй энэ нутгийн хэлээр маш сайн ярьдаг. Энэ нутгийн хүмүүс заримдаа чи энд төрж өссөн үү гэж асуудаг. Монгол эмэгтэй энэ нутгийн хүмүүсийн зан авир, соёлын ялгааг маш сайн мэддэг. Монгол эмэгтэй сайн ажилтай, сайн цалинтай. Монгол эмэгтэй энэ нутгийн хүмүүстэй адил нөхцөлд ажиллаж, адил цалин авч, адил татвар ч төлдөг. Монгол эмэгтэй энэ нутгийн хүмүүсийн адилаар was für ein Wetter гэж цаг агаарт хүртэл дургүйлхэж сурсан. Монгол эмэгтэй зөндөө сайн найз нөхөдтэй. Сэтгэлээ уудалж, хуваалцаж чаддаг. Монгол эмэгтэй ээлжийн амралтаараа Итали юмуу Испани руу далайн эрэг явдаг. Эндхийн хүмүүс ч тэгдэг. Монгол эмэгтэй утас дуугарахад овгоо хэлээд сайн байна уу гэж авдаг. Яг эндхийнхэн шиг. Монгол эмэгтэйд очих дуртай массажны газар бий. Монгол эмэгтэйд дандаа очдог үсчин бий. Монгол эмэгтэйд кофег нь уух дуртай кафе, талхыг нь идэх дуртай bakery, хоолонд нь дуртай ресторан бий. Монгол эмэгтэйд дутуу юм үгүй.


Гэхдээ монгол эмэгтэй олон жилийн турш нойргүйдэл гэдэг асуудалтай тэмцэж байгаа. Бүр 30 нас ч хүрээгүй байхдаа ийм асуудалтай болсон. Монгол эмэгтэй маш их цагаан үстэй. Монгол эмэгтэй толгойгоо өвдөхөөр уудаг эмээ дандаа цүнхэндээ авч явдаг. Монгол эмэгтэй үе үе нээх хүндээр санаа алддаг. Сүүлийн үед монгол эмэгтэй тийм ч их жаргалтай биш болсон. Эсвэл дандаа л тийм сэтгэл дундуур байсан ч түүнийгээ дандаа нууж дарж явсан ч байж мэднэ. Амралтын өдрийн өглөө найзтайгаа уулзаж өглөөний цай уугаад, дараа нь дэлгүүрээр жаахан хэсчихэд сэтгэл санаа сайхан л болдог биш гэж үү. Нартай байвал тэгээд бүр болох нь тэр. Гэтэл, монгол эмэгтэйн сэтгэл юунд ч хөдлөхөө эсвэл ханахаа байв. Монгол эмэгтэйд дуртай юм бараг л үгүй. Монгол эмэгтэй яг робот шиг амьдардаг. Монгол эмэгтэй өдөр өдрөөр үхэж буй мэт, эсвэл монгол эмэгтэйн тал хэсэг аль хэдийн үхчихсэн мэт мэдрэмж төрдөг. Монгол эмэгтэйд мэдэх юм тун бага. Би яах вэ, би хаачих вэ, би юунд дуртай вэ? Энэ бол монгол эмэгтэйн дургүй асуултууд. Яагаад гэвэл энэ асуултуудыг сонсохын төдий хамаг бие хатуураад хөшчих шиг болдог. Хэзээ ч хариулж чадамгүй асуултууд. Яагаад гэвэл мэдэхгүй учраас. Заримдаа монгол эмэгтэй бүтэн амьсгал авч чадахгүй байх шиг санагддаг. Тэгээд монгол эмэгтэй хамгийн түрүүн ажлаасаа гарав. Тэгээд монгол эмэгтэй аялалд гарав. Америк явлаа. Аа яахав дээ л. Яагаав, монгол эмэгтэйд таалагдах юм юу ч байхаа больсон шүү дээ. Америкт таалагдахгүй юм таалагдахаасаа хамаагүй их. Талх муу. Кофе амтгүй. Хаа сайгүй пластик аяга таваг хэрэглэдэг нь огт таалагдахгүй. Нэг л эмх замбараагүй, бохир санагдана. Хүнсний бүтээгдэхүүний чанар муугаас эхлээд барилгын хана хүртэл хэт нимгэн санагдана. Буцаад гэртээ ирлээ. Энэ газрыг гэрээ гэх хүртэлээ ээнэгшин дасжээ. Lufthansa-ийн онгоцонд суугаад л бүх юм таатай санагдаж эхлэв. Гэртээ ирэв. Цонхны тавцан дээрх ногоон ургамал. Эзгүйд минь ургаад байж байсанд нь нээг их баярлав. Хөршийн хүү хөлд орсныг, аав ээж нь усны гутал, шүхэр хүүдээ авсныг сонсов. Käfer орж кофе уулаа. Массаж хийлгэх дуртай газраа, хэн дээр хийлгэхээ хүртэл хэлж цаг авав. Дараа нь үсчин рүүгээ бичив. Бүх юм таатай. Гэхдээ дассан болохоор л тэр байх. 


Монгол эмэгтэйд дутуу юм юу ч үгүй. Гэхдээ монгол эмэгтэй дүүрэн жаргалтай биш. Монгол эмэгтэй хаа хүрэхээ, хаачихаа огт мэдэхгүй. Монгол эмэгтэй юунд ч тэгтэлээ баярладаггүй. Монгол эмэгтэйд юу ч тийм их сонин санагддаггүй.


Жижигхэн Япон кафег эхнэр нөхөр ажиллуулдаг юм байна. Цохны харалдаа суудалд хоёр Япон оюутан охин, хэрин эсрэг талд Япон ээж хүүхэдтэйгээ, ахиад хэдэн ширээ алгасаад нэг Герман бололтой залуу бүсгүй лаптопоо ширтэн сууж байв. Хоёр Япон охин нэг нь мөстэй уух юм, нөгөөх нь халуун уух юмтай, хамтдаа iPad дээр юм хийж, ярилцаж байв. Япон ээж харин жаахан охинтойгоо бялуу идэж сууна. Нээрэн энэ нутагт маань цэцэрлэг сургууль амарсан шүү дээ. Нэг сэндвич, аяга кофе авлаа. Уг нь огт өлсөхгүй, эсвэл тийм мэдрэмж төрөхгүй байна. Гэхдээ энэ бол өдрийн хоолны цаг. Жаахан юм идсэний буруугүй. Кафег ажиллуулдаг хүмүүс эелдэг сайхан харилцаатай юм. Бас үнэ хямд талдаа. Их сургуулийн гудманд учир их үнэтэй бол оюутнууд орж ирэхгүй шүү дээ. Гараад их сургууль тийш зүглэн алхлаа. Энэ гудамны бичиг хэргийн дэлгүүрээс юм авч байсан. Энэ гудманд ангийнхантайгаа шалгалтны дараа пицца идэж байсан. Өмнө нь байдаг байж байгаад хаагдсан эсвэл нүүгээд явсан Хятад хоолны газар Хятад найзтайгаа нээх халуун ногоотой хоол идэж байж билээ. Өмнө нь Maex41 уг нь энэ буланд биш хамаагүй наана байсан шүү дээ. Бид нарын сургууль дээрээс, номын сангаас оройд өлссөн ядарсан хүмүүс цугладаг байсан газар. Shrimp-тэй паста, пиво захиалдаг байсан газар. Хэн нэг нь болзооныхоо тухай ярьдаг, хэн нэг нь зүгээр л цаас гаргаж ирээд нэгнийгээ харандаагаар зурдаг байсан газар. Зогсоо зайгүй яриад л, инээлдээд л, зарим нь түрүүлээд явдаг. Зарим нь хожимдож орж ирдэг байсан газар. Зарим нь тэндээс гараад болзоонд, зарим нь буцаад номын сан явдаг байсан газар. Энд бас нэг жижиг солонгос хоолны газар бий. Одоо ч байсаар л байгаа юм байна. Өмнө нь яг солонгосчууд ажиллуулдаг байхад гоё хоолтой байж билээ. Бас энэ гудманд мөхөөлдөс идэж байсан. Amalienstraße. Өмнө нь гэж хэлж байгаа бүхэн минь 10-аад жилийн өмнөх явдал шүү дээ. Дурсамж, сайн найзууд, хүйтэнд бээрээд алхаж байсан гудам. Schellingstraße эргээд нэг жижиг франц кафе бий. Би нэг өглөө илтгэл тавичихаад тэрэндээ өөрийгөө урамшуулж эндээс аяга халуун шоколад, pain au chocolat авч идэж байж билээ. Гунигласан догдолсон ямар ч үед чихэрлэг амттан, шоколад иддэг байв. Одоо гэтэл ямар ч амттан тус болохгүй юм. 


Ажлаасаа гарах шалтгаан минь жаргалгүй байсан болохоор. Гэхдээ яаж жаргалтай болж чадахаа огт мэдэхгүй юм. Гэрээ санаж байна уу гэдэг асуултанд ч хариулж чадахгүй байна. Санаж байгаа, санахгүй байгаагаа мэдэхгүй байна. Мэдэхгүй байх. Зорилгогүй, мөрөөдөлгүй, ажилгүй, мэдэх юмгүй. Өмнө нь зөндөө юм мэддэг байсан юм шиг. Хэзээ шалгалт өгөхөө, тэнцвэл яахаа, тэнцэхгүй бол дараагийн боломж хэзээг, хэдийд хэр их ажиллахаа, дараа нь тэр мөнгөнөөсөө онгоцны билет аваад Монгол явж ирэхээ, хэдийд франц кафе руу явахаа, өөрийгөө яаж аргадахаа, яаж зоригжуулахаа гээд бүхнийг мэддэг байсан юм шиг. Өнөөдөр санамсаргүй ирсэн Япон кафе надад тийм ч их гүн сэтгэгдэл үлдээсэнгүй. Яахав дээ л. Яагаав юу ч таалагдахаа байсан шүү дээ.


Жаргалтай болох болов уу? Ямар нэгэн юм өөрчлөгдөх болов уу? Midlife crisis? Би хаачих вэ? 

Кафег ажиллуулдаг эхнэр нөхөр хоёр жаргалтай байж чаддаг болов уу? Жаахан охины ээж сэтгэл хангалуун байдаг болов уу? Тэдэнд юу чухал байдаг бол?

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen