Samstag, 16. Mai 2015

Хөгшин найзууд ба бяцхан Нинаад

Вэн
Насаар хамгийн хамгийн ахмад нь ба Хятадад төрж, Шинэ Зеландад өссөн, Лондонд сургууль төгсөж, Герман нөхөртэй болоод энд ирсэн хятад эмэгтэй.
Боловсрол өндөр, мэдлэг ихтэй ч үнэхээр энгийн сайхан зантай, маш хөгжилтэй, бүхий л зүйлд сэтгэлээсээ ханддаг, бас зохион байгуулах болон бусдыг удирдан манлайлах чадвар өндөр. Сүшинд маш дуртай, бид заримдаа хамт сүши ресторан явж, 9.99 евро төлөөд 30 минутад хүссэнээрээ иддэг багцаар сүшиддэг, мөн хааяа пиво ууна. Ярилцахад үргэлж сонирхолтой сэдвээр, ойлгомжтой ярьдаг. Бас их илэн далангүй.
Өнгөрсөн зун гэртээ их гоё парти хийсэн, нөхөр нь тагтан дээрээ мах шараад л, зочны өрөөний ширээн дээр төрөл бүрийн уух юм, салат өрчихсөн, гоё хөгжим яваад л, мах идэх хүмүүс гадаа сууж идээд, энд тэндгүй хоёр гурваараа пиво эсвэл улаан дарс барьсан хүмүүс, балконы хашлага налах нь налж зогсоод, буйдан дээр суух нь суугаад их гоё байсаан. Би галт тэрэгнээс буугаад баахан төөрч будилж, хүмүүсээс зам асууж бүр буруудаад эцэст нь утсан дээрээ хаягийг нь хийж дагаж алхсаар олж очсон доо. Элбэг 10-12 мк2 гоё том балконтой, ойр орчим тэр чигээрээ алган дээр байгаа юм шиг харагддаг, орой нар жаргахад үнэхээр тасархай тусдаг юм билээ. Би баахан л зураг дарж, даруулж аальгүйтсэн.
Өөрөө төрөлх нутгаасаа хол өссөн ч, эх хэлээрээ маш сайн ярьж бичнэ, тэгээд өөрийнхөө ой нэг сартай хүүтэй хятадаар ярьж, хятад ном уншиж өгдөг. Үнэхээр мундаг санагдсан. Монгол айлын, монгол аав ээжтэй хүүхдүүд л монголоороо сайн ярьж чаддаггүй шүү дээ үнэндээ.

Шрүти
Эндхийн Bosch, Daimler, Volkswagen гэх мэтчилэн том компаниуд Энэтхэгээс компьютерийн инженер, программист урин өндөр цалинтай ажиллуулах нь элбэг бөгөөд гэр бүлийн гишүүдийг нь хамт авчирдаг. Шрүти-ийн нөхөр мөн л энэ шугамаар 3 жилийн гэрээтэй ирсэн. Шрүти бас IT инженер ба нутагтаа байдаг IBM Computer-ийн салбарт ажиллаж байгаад нөхрөө даган ажлаасаа чөлөө аван ирсэн. Энд байхдаа хэдий ажиллах эрхтэй ч, оронд нь герман хэл сурч, хүүхэд төрүүлж 3 жилийн хугацааг ашиглахаар шийдсэн. Өөрөө хэлэхдээ, энд нөхрийнх нь цалин хангалттай өндөр тул өөрөө ажиллах шаардлагагүй, тэгээд энд байгаа дээрээ хүүхдээ төрүүлээд ой хүргээд буцвал, гэртээ хариад шууд ажилдаа орж чадна, мөн хүүхдийг нь хоёр талын аав ээж нь харж өгөх боломжтой гэсэн. Бас нээрээ Энэтхэгт хүүхдийн тэрэг бараг хэрэглэдэггүй, бүгд л хүүхдээ тэвэрч явдаг. Шалтгаан нь гудамжинд хүүхдийн тэрэг түрж явах зайгүй гэсэн. Тоо боддог, толгой сайтай хүн гэдэг нь үргэлж анзаарагдана, бас нарийн талдаа. Өнгөрсөн өвөл жирэмсэн том гэдэстэй байхдаа л, надад буцаж очоод өвлийн хувцас хэрэггүй шдээ гээд цастайд нимгэн, энгэр нь хүрэхгүй куртиктэй, конвэрс кеттэй яваад байсан. Өөрийнх нь гуйснаар хоёр гурван удаа хамт дэлгүүр явж, жирэмсний хувцас бас бус зүйлс сонголцсон, их баярласан, бас кофе бялуунд урьсан ч, хараахан хэрэгжүүлж амжаагүй. Намайг гоё хувцасладаг, бас зөв зөвлөгөө өгдөг гэж их үнэлнэ ээ хэхэ. Бидний вкус их өөр, аливааг зохицуулах, хослуулах, тэнцвэржүүлэх тал дээр арай ондоо байдаг шиг байгаа юм. Яг 11 хоногийн өмнө төрж, Нинаад гэдэг хүүтэй болсон. Сайхан хөгжим гэдэг утгатай нэр гэж хэлсэн. Бас ээж нь охиноо төрүүлэх, тэнхрүүлэх зорилгоор ирчихсэн. Манайхантай төстэй байгаа биз. Охиноо төрөхөд нь хамт байх гэдэг, бас ач зээгээ харж өгдөг гэдэг нь.

Рөүз
Титаникийн гол дүрийн нэр. Монголоор нэрлэвэл Сарнай. Анх олон улсын байгууллагад дадлага хийж байсан оюутан залуу Кенид очсон байхдаа салса партин дээр Рөүзтэй танилцаж, тэнд байх хугацаандаа үерхээд, хоёр жилийн дараа сургуулиа төгсөөд өөр дээрээ иртэл нь уяраажээ хэхэ. Төгсөлтийн шалгалтаа өгснөөс ердөө хоёр долоо хоногийн дараа хайр сэтгэлээ дагаад онгоцонд суугаад хүрээд ирсэн, хар арьстай, өөр мэргэжлээр сургууль төгссөн нь л үнэн болохоос бүжиг гэдэг урлагийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн охин доо. Анхнаасаа хачин элэгсэг хандаж, гэртээ урьж, жигтэйхэн найзархахаас гадна шалгалт юмуу групп ажлууд дээр заавал нэг баг болох гэж зүтгэдэг байж билээ. Миний ноолууран цамц, нөмрөг, ороолтнуудад дурлаад заавал Монгол явж ийм гоё загвартай гоё хуваснууд авна гэсэн хүн байгаа юм хэхэ. Заримдаа нээх чухал царай гаргаж ирээд л, Тунгаа чи наад өмдөө хаанаас авсанаа хэлж болох уу? арай бас Монголоос биш биздээ гэнэ. Үнэн хөгжилтэй. Танай хотод энд тэндгүй том фэшн моол байдаг юм уу? дандаа ийм гоё загварлаг хувцас зардаг гэж ирээд л. Өөрөө ч вкус сайтай, гоё хувцаслана, бүжиглэдэг болохоор бие ч гоётой. Гадаа дулаараад би нимгэн цамц, жийнсэн өмдтэй явж байхад л манай хүн томоо ноосон ороолт, өвлийн зузаан куртик, түрийтэй гутал өмсчихнө, халууцахгүй байна уу гэхээр би халуун орноос ирсэн хөөн гэж ам таглана. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт уулзахад сүйн бөгжөө харуулж, тэр надаас гэрлэхийг гуйсан гээд баяр хөөр дүүрэн явж байсан.

Энэ гурав дээр би нэмэгдээд, бид дөрөв бол харь нутагт холоос ирж танилцсан найзууд болж байгаа юм. Үзэл бодол, сонирхол төстэй, бие биенээ сайн ойлгодог. Өөр илүү их юм хэрэггүй биздээ? тиймээ. Заримдаа өдөр цаг болзож, хоолонд орж, дэлгүүр хэснэ эсвэл кофе ууж бялуу идэн ярьж сууцгаана.
Нэг удаа би Вэнээс чи Лаура Линн хоёртой холбоотой байгаа юу гэж асуусан чинь, үгүй ээ, тэр хоёр арай залуу, үеийнхээ найзуудтай болохыг хүсэх байх л даа гэж хэлээд. Би аягүй шоконд ороод юу билээ???
Вэн 30, Шрүти 28, Рөүз 27, би 26 настай, Лаура 22, Линн 20той гэхээр Вэний зөв үү?

Зиа ингээд би гарчгаа хөгшин найзууд гэж өгсөн юм хэхэ. Үнэндээ би өөрийгөө хэзээ ч хөгшин эсвэл хөгширч байгаа гэж бодож байгаагүй юм шүү. Тэгээд Вэн, Рөүз бид гурав бэлэг аваад Шрүти, Нинаад хоёр дээрээ очих гэж байгаа. Надад нэг настай хүүхдийн ноолууран оймс бий, нөгөө Рөүзийн дурлаад байгаа эд шүү дээ, алдчихалгүй Нинааддаа өгчихвөл хэхэ.

Kommentare:

  1. Унших гэж хичнээн их хүлээв дээ

    AntwortenLöschen
  2. Bayarlalaa :)
    Bi bas bichih gej ih husseen!

    AntwortenLöschen
  3. Гоё найзуудтай юмаа хэхэ

    AntwortenLöschen
  4. manaihaar bainga zochildogt bayarladag shuu.

    banjiga ug ni olon goy blogchidtoi te, gem ni ue ue gatsaad bdg.

    bi bas 2007 ond blog bichij ehelj blaa.

    AntwortenLöschen
    Antworten
    1. Banjig harin ih saihan gazar bsan daa. Neg hamt olon, negen ger bul shig l bdagsan. Uuriin chin blogiig unshih ih durtai shuu.

      Löschen
  5. Antworten
    1. Goy bnaa BMR min! Chi goy soninoo bicheech ee.

      Löschen
    2. надаар гоё сонин сайхан байхгүй ээ кк, таньдаг хүн амьтан ч байхгүй дөрвөн хананы дунд ангайгаад сууж байдаг шд ккк

      Löschen
  6. Уншсаны дараа сэтгэл нэг их эмзэг эсвэл бүр нэг их баярлах шиг мэдрэмжээр дүүрч байх чинь :) Чиний сэтгэл л энэ үгсийг бичиж дээ, сэтгэлээс гарсан бүхэн яг сэтгэлд хүрдэг гэдэгт би бүр маш ихээр итгэдэг юм, яг ийм мэдрэмжийг сэтгэлдээ мэдрэх яаасан гоё гээч...

    AntwortenLöschen
  7. Уншсаны дараа сэтгэл нэг их эмзэг эсвэл бүр нэг их баярлах шиг мэдрэмжээр дүүрч байх чинь :) Чиний сэтгэл л энэ үгсийг бичиж дээ, сэтгэлээс гарсан бүхэн яг сэтгэлд хүрдэг гэдэгт би бүр маш ихээр итгэдэг юм, яг ийм мэдрэмжийг сэтгэлдээ мэдрэх яаасан гоё гээч...

    AntwortenLöschen