Dienstag, 17. März 2015

Цагаан сар...үргэлжлэл


01.03.2015
23:36:25
Үлдсэн хоёр зочноо мягмар гаригт цай уулгалаа. Хоёулаа герман, эмэгтэй нь цагаан хоолтон. Бэрэсээ хийж аргалдаг юм уу гэснээ манайхан энэ баяраар ийм л хоол иддэг гээд буузаа тайлбарлаад байсан хүн чинь бас тэгж болдоггүй ээ.
Нухсан төмс луувантай бууз хийх гэснээ бас амт муу сонин юм болох юм болов уу гэж санаа зовоод эцэст нь мэргэн санаа олж бууцай, лууван, бяслагтай бууз хийсэн. Амт сайхан, хөнгөн, шингэц хурдан гоё бууз болдог юм байна. Дэлгүүрээс хөлдүү бууцай аваад, нэг ширхэг лууван үрэгчээр үрээд, пиццаны дээр цацдаг хайлдаг бяслаг хийгээд, сонгино, давс, хар перц, улаан чинжүүгээр амтлав. Надад экстра хоол хийж өөртөө битгий ажил удаарай гэж сануулсан байсан ч тэр тусам нь тохирсон хоолыг нь хийж өгч дайлмаар байлаа. Нийслэл салат бол яг хийдгээрээ, хиамгүй л хийсэн. Гэхдээ надад өмнө нь хоёр гурав хоног буузаар дагначихсан байсан болохоор ч тэрүү ногоотой бууз, хиамгүй салат маань илүү таалагдсан.  Тэгээд үнэнээ л хэллээ л дээ, чамд ямар хоол хийж өгөх вэ гэж бодож байгаад буузаа өөрчлөөд махных нь оронд ногоо хийсэн юм аа гээд. Тэгтэл тэр найзад маань амт нь их таалагдсанаас гадна, орц жорыг нь асууж, өөрөө дараа заавал хийж иднэ гэсэн шүү дээ. Болоогүй, боорцогны жор хүртэл асуугаад. Энэ амралтын өдрөөр Кёлн руу нагац эгчийнхээ төрсөн өдөрт хийж авч явмаар байна, энгийн бялуу хийж очсоноос илүү сонирхолтой байна байх гээд, туслаад хийлцээд өгч чадах уу гээд.
Ингээд дөрөвдэх өдөр хичээлээ тараад гэртээ ирчихээд тэднийх рүү явлаа. Нөгөөх чинь харин айпад дээрээ монгол боорцогны жор гээд германиар хайгаад олоод гаргаад ирчихсэн, атар өргөөгийн ууттай боовны зурагтай жортой зогсож байдаг байгаа. Тэгээд хамтдаа боорцогоо хийгээд, баахан буу халж байгаад гараад банк орж нэг шилжүүлэг хийчихээд гэртээ ирсэн. Эрэгтэйд нь махтай бууз, хиамтай салат бас их таалагдсанаас гадна жижиг хуванцар саванд илүү үлдсэн салат буузаа хийлгэж аваад, маргааш ажил дээрээ иднэ гээд л аваад явсан. Ингэж нэг миний цагаан сар дуусав. Өнөөдөр тэгсэн бас банш шараад идчихдэг юм байна хэхэ. Өглөө дүү, найз хоёртойгоо утсаар ярьсан. Бас л таргалснаа гайхсан хүмүүс. Эмэгтэйчүүд ээ гэж.
Ямартай ч өөрийнхөө яг хүссэнээр цагаан сараа тэмдэглэж чадлаа, зочдоо сэтгэл хангалуун баярлуулж чадлаа. Бүгд сэтгэл хангалуун явсан ба дараа нь и-мейлээр, смс-ээр ахин баярласнаа илэрхийлсээр байв. Үүнд нь би бас их баярлав. Бүгд их хөөрхөн бэлэгтэй ирсэн, ном, цэцэг, архи гэх мэтчилэн. Манайх бас цагаан сар юм чинь гээд бүгдэд нь чадлаараа гарын бэлэг өгсөн. Монгол ноолууран бээлий, тэмээний ноосон оймс, чингис хааны зурагтай хөргөгчний магнет, түлхүүрийн оосор гэх мэт хэхэ. Тэгээд аль болох манай ёс заншил ийм байдаг гэж тайлбарлаж өгсөн. 
Өглөө найз маань хэлж байна, мартын 8ны реклам телевизээр яваад гээд. Цагаан сар дуусч амжаагүй мартын наастр орчихсон байх даа, би ч гадарлаад л байна. Энд харин улаан өндөгний баярын наастр ороод, дэлгүүр бүрт туулай, өндөгний хэлбэртэй өнгө өнгийн деко сувинерууд, туулайны хэлбэртэй хайрцагтай шоколаднууд бөөн бөөнөөрөө. Цаг агаар дулаарч нар наашлаад сайхан болж байна. Өглөө эрт гараад явахад шувуудын жиргээ хүртэл илүү хөгжилтэй, цовоо байдаг болсон байна. Өдөр бүр нартай цэлмэг болоод ирэхээр дагаад эрч хүчтэй, цоглог болоод сэтгэл санаа их өөдрөг гоё байна. Нар гарахгүй олон хонохоор хар аяндаа дүнсийгээд ирдэг юм. Бороо орсон ч үнэр нь хаврынх болчихсон гоё байна даа. Өнөөдөр гуравдугаар сарын эхний өдөр. Энэ сарыг, энэ хаврыг үр дүнтэй, амжилттай өнгөрөөхийг хичээх болно оо. 
1. norovg | 2015-03-02 17:14:46
ura bi anhnii bichigch bolchihloo neeree nogootoi buuz goe shuu namar hiij idnee kkkk
2. tungaamnh | 2015-03-04 19:29:06
Norovg- Ta l ih unench unshij, setgegdlee uldeej bgaa hun bolohoor ih bayrlaj bna aa.
3. Тайван эгч | 2015-03-15 04:06:09
Сайн уу, ногоотой бууз, нухсан төмстэй хуушуур бас гоё шдээ. Даанч залхуураад хийхгүй юм даа. Ер нь хийж иднээ.Ккк.
 


Keine Kommentare:

Kommentar veröffentlichen