Sonntag, 31. Dezember 2023

Bye 2023, Hello 2024!

Адал явдал дүүрэн 2023 он минь баярлалаа. Зорьсон төлөвлөсөндөө хүрч, санаа сэтгэл цэлмэх сайхан өдөр байхад, заримдаа бүтэлгүйтэж гундуухан байх өдөр ч тохиолдов.

Сайхан бууз, нийслэл салатаа хийлээ. Бялууны оронд тирамису. Ширээн дээр ногоон өнгийн лаа, ижил өнгийн амны цаас. Дээрээ алтлаг өнгийн однуудтай. Түрүүхэн нь хайртай эмээтэйгээ, нагац ах, эгч нартайгаа, дүүтэйгээ утсаар ярьсан.  

Гэр минь дулаан, шинэ оны тухай дуунууд намуухан эгшиглэнэ, яагаад гэхээр, би өөрөө ярихыг илүүд үзэж, хамаг анхаарлаа ярьж буй сэдэвтээ хандуулж, ярилцагч талдаа өөрийгөө ойлгуулах гэж бүх чадлаараа хичээх зуур хээе сири, аядуу гэж дахин дахин хэлсэн болохоор тэр. Би чинь ер нь их яриа. 

Хоол минь сайхан амттай болжээ. Хөргөгчинд, гал тогоонд, ер нь ихдүүлж л авснаас багадсан дутсан зүйлгүй. 

Лаптопоо нээхэд өмнө үзэж байгаад орхисон онлайн худалдааны сайт, маая тереза. Гутлын хямдрал нтр сонирхжээ. 

Маргааш хэдэн хувцас угааж, заримыг нь индүүдэх юм байна даа. Нөгөөдрөөс ажил эхэлнэ. Угаалгын машин хатаагчтай нь үнэхээр сайн хэрэг шүү. Өвөл угаасан хувцас хатаахад гэр тэр чигтээ чийг хүйт даачихдаг, тухгүй байдаг байж билээ. 

Долоохон хоногийн өмнө Христийн мэндэлсний баярыг сүртэй олуул тэмдэглэсэн тул, өнөөдөр зүгээр л нам тайван гэртээ баймаар байлаа. 

Нам тайван байлаа. Сэтгэл минь дүүрэн байна. Амар амгалан байна. Ирж буй бүхэнд бэлэн байна. Байгаа бүхэндээ хангалуун байна. 

Хэдэн жилийн өмнө нэг жижиг байранд угаалгын машингүй амьдардаг байснаа саналаа. Икеагийн цэнхэр торонд хувцасаа цуглуулж хийгээд, гудамны эсрэг талд суудаг найзынхаа машинд угаахаар явдагсан. Тэр угаалгын машин нь байрныхаа доор зооринд байдаг, доош шатаар буух үл ялиг эвгүй санагддаг байж билээ. Тэр найз маань тог, усны мөнгө өгөх хэрэггүй, санаа зоволтгүй гээд, тэгээд ч би санаа зовсондоо тэгвэл би ядаж угаалгын нунтаг авч байя гээд дандаа нэг цэнхэр ч билүү хар савтай вок авдаг байжээ. Тэнд би 8 сар амьдарсан юмдаг. 

Тэнд амьдарч байхад бас би яг арван хоёр сарын гучин нэгэнд ажиллаж билээ. Тэгэхэд би хичээлийнхээ хажуугаар ажиллаад, ажлынхаа хажуугаар ахиад нэг уушийн газар зөөгчөөр ажилдаг байсан юм. Бодохдоо олон хүмүүстэй бужигнаад гоё он гаргачих байх гэсэн талаар болж, оройн хоол идсэн хүмүүс, эсвэл партинаас өмнө сайн хооллож аваад цааш явах гэсэн залуус яагаа ч үгүй эрт гараад явцгаачихсан тул, миний төлөвлөгөө талаар болсон юм. Уушийн газрыг хааж гэртээ ирээд яг хувцасаа солихоор буйдан дээр сууж байхад он солигдож билээ. Тэгэхэд би нэг тийм хоосон байсаан. Бас ганцаардаж байсан. Тэгээд өөртөө хэлсэн юм. Ахиж баяраар ажиллахгүй. Ахиж баяраар ганцаараа байхгүй гээд. Тэгээд л орон дээрээ гараад дэрээ тэврээд унтаж билээ. Тэгэхэд би нэг оранж ч юм шиг, ягаан ч юм шиг ор хөнжлийн даавуутай байсан юм. Одоо байгаа эсэхийг мэдэхгүй. Байгаа бол доор зооринд хураалттай байх ёстой. Гаргаад хуучин хувцасны контейнэрт хийчихсэн ч билүү, сайн санахгүй байна. Ямартай ч тэр даавууг хэрэглэмээргүй л санагдсан юм. 

Одоо тэр үеэс зөндөө их зүйл өөрчлөгджээ. Тэр үеийг туулж давсандаа өнөөдөр энд сууж буй юм шүү дээ. Өнөөдрийг хүртэл бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийж, дандаа хичээж ирсэн өөртөө баярлалаа. Маргааш өглөө босоод өглөөний цайг ч хичээнгүйлэн бэлтгэж, цамцаа ч хичээнгүйлэн индүүдэх, нөгөөдөр өглөө 6 цагт босоод ажилдаа явах, өмнө нь шүршүүрт орж, үснийхээ үзүүрт тос түрхэхээ мартахгүй байх, ажилдаа очоод сэтгэл тэнүүн инээмсэглэн таарсан бүгдтэй мэндлэх өөртөө баярлалаа. Цаашид ч хичээхэд бэлэн байгаа өөртөө баярлалаа. Ямар ч үед бууж өгөхийг сонгодоггүй өөртөө баярлалаа. 

Галын өрөөнийхөө цонхоор салют буудуулахыг харж зогсоход он солигдов. Хажууд минь байгаа хайртай чамдаа баярлалаа. Чамтай хамт угтсан жилүүд хамгийн гоё нь! Ирэх он ч бас гарцаагүй гоё байж таарна. 

Би бэлэн, 2024!



1 Kommentar: