Sonntag, 12. April 2015

Харьцуулалт

Өнөөдөр бүтэн сайн өдөр. Нойроо ханатал унтаад, босч цайгаа уучихаад тагтан дээр байдаг хуванцар ширээ сандалаа тоосыг нь арчиж, савантай усаар угаачихаад, лаптоп, чихэвч, аяга хар кофетойгоо сууцгааж байна. Сараагийн дуулсан Содура киноны дууг сонсож байна. Нэг тийм гунигтай ч юм шиг сонин дуу юм.
Үгийг нь сайн ойлгоод сонсвол, чихэнд биш сэтгэлд их л амархан хүрэх аж. Би багадаа Сараад тийм ч дуртай байгаагүй юм шиг байгаа юм. Яагаад ч юм Ариунаа илүү цоглог, илүү гоё бүжиглэдэг, мөн илүү гоё л дуулдаг санагддаг байлаа. Харин Би жаргалтай дуунаас хойш тэр хоёр хүн хоёр өөр болохыг, заавал харьцуулалт хийх шаардлагагүйг ойлгож, байгаа байгаагаар нь хүлээж авах нь зөв гэж ойлгосон юм болов уу даа. Тэр үед би одоогоосоо хамаагүй бага байжээ. Гэтэл амьдралд харьцуулах шаардлагагүй өчнөөн олон зүйлс байдаг ажээ. Бид л харьцуулж, аль нь сайн, аль нь муу болохыг, аль нь илүү, аль нь дутууг эрэн өөрсдийгөө зовоож, зөвхөн өөрсдийн үнэлэмжинд итгэж явдаг юм шиг.
Би ингээд гадаа блог бичээд подволктой, хөл нүцгэн сууж байхыг бодоход, шувууд хөгжилдөн жиргэж, тэнгэр цэлмэг байхыг бодоход хэдийн хавар болжээ. Бараг л зун ч юм шиг, гэхдээ энэ бол хавар. Өнгө өнгийн цэцэг дэлбээлж, модод гөлөглөөд, байгал дэлхий хамаг сайхан бүхнээ харамгүй дэлгэж нүд баясгасан энэ нутгийн хавар. Би хайртай ээжээсээ алсад суугаа. Ааваасаа, энхрий хоёр дүүгээсээ, эх орноосоо, анд нөхдөөсөө бүгдээс нь хол. Гэхдээ тэднийг бодохгүй, үгүйлэхгүй нэг өдөр, нэг цаг, нэг хором гэж хэзээ ч үгүй. Тэгэхээр бас их ойрхон ч байгаа юм шиг. Яаж ойртдог вэ гэж үү, их амархан, дурсамжаар, дуугаар, утсаар гээд л. Энэ дуу жишээ нь намайг маш хурдан нутагт минь аваачиж, энэ клип надад эх нутгийн чинь байгал илүү сайхан даа гэж сануулах шиг, уулс манхайж, голын ус мяралзан урсахад надад нутгийн минь үнэртэх шиг. Зорилго, зориг хоёроос өөр их зүйлгүй, хүний газраас ирсэн балчир охиыг энгэртээ наан эвийлсэн энэ газрын байгалыг би бас дутуу гэж хэлж зүрхлэхгүй ээ. Үнэндээ дутуу юм юу ч үгүй, зүгээр л жаахан өөр. Миний мөлхөж яваад хөлд орсон уулсын бэлээс арай жаахан өөр. Тэгээд л болоо.
Энд өнөөдөр би бас зүтгээд л явна, магадгүй эрдэм мэдлэгийн их оргил өөд өвдгөө шалбалан хөлд орохоор зүтгэж яваа. Бээр бээр гээд ижий шиг минь гараа алдлан намайг түшиж яваа газрыг хүндлэхгүй, хайрлахгүй байхын аргагүй ээ.

Өнгөрсөн өвөл Крисмасын амралтаар ойрхон Швейцарьт сурдаг дүү маань зочлон ирэв. Христосын шашинтны хамгийн том баяр учир 12-р сарын 21-ээс эхлэн 14 хоног бүхий л шатны сургуулиуд заавал амарна. Өвлийн улиралд үүн шиг сайхан юм юу байх билээ. Нилээдгүй дотно өссөн үеэл дүү маань болохоор өдрийг зугаатай өнгөрүүлж, дэлгүүр хэсэж, junk food, амттанд бялуурч /бид хоёр хоёулаа турахыг, үгүй ядахад таргалахгүйг хичээж яваа/, өвлийн богино шөнө яриандаа халуурч, нулимсаа гоожтол инээлдсээр үүр цайлгаж хамтдаа амралтаа өнгөрөөв. Надаас насаар тоолвол 7 дүү...Тэгсэн надаас асуулаа.
- Аниа муу хүн гэж байдаг уу? Надад бүх л хүн сайн хүн юм шиг санагддаг аа. Гэж. Надад ч бас тэгж санагддаг 18, 19 настай үе байсаан. Бүгдийг би цагаан өнгөөр харж, бүх хүнийг сайн хүн хэмээн итгэж. Дараа нь би учиргүй гомдож үзсэн. Бүр голдоо ортол. Оюутан болоод найзалсан найз охиндоо л доо. Тэгээд би эдгэрсэн. Сонин хатуужиж, сонин үзэл бодолтой болохоо шахсан. Муу хүн гэж байдаг юм байна. Байх байхдаа олон юм байна. Бүр хаа сайгүй байдаг юм байна. Болгоомжлох хэрэгтэй юм байна гээд л. Ахиад жаахан хугацаа өнгөрөхийн хирээр би түүнийг муу хүн байгаагүйг, зүгээр л бид тохирохгүй хүмүүс байсныг, тэр зүгээр л хоёрын хооронд зальжин, муу арга хэрэглэсэн болохыг, би түүнд гомдох, түүнийг бодох, уучлах бүр ч хэрэггүйг ойлгосон. Хүн бүрт явах ёстой зам, жим байдаг юм байна гэж. Зорилгодоо хүрэх арга ч мөн адил хүн хүнд өөр байх ёстойг ухаарсан болов уу. Хүн өөртөө л тохирсон аргаар яваа бол, мянга бусдын нүдэнд өөчлөгдөн муу харагдавч түүнийг бид муучлан шүүж, өөрчлөхөөр ятгах нь буруу юм шиг. Амархан арга нь, явах ёстой замаараа л явах. Тохирохгүй хүнийг чирч гулдран хамт байхаар зүтгэх, ухаарахгүй хүнд ойлгуулах гэж, харахгүй хүнд ганц сайхныг ч гэсэн үзүүлэх гэж ухаанаа, сэтгэлээ, цаг хугацаагаа, өөрийгөө зарцуулах шаардлагагүй байдаг гэж ойлгосон гэх үү дээ. Тэртээ тэргүй нэг завин дээр яваан хувьд энэ зүйлийг энгийн бөгөөд амархан, нэг үгээр илэрхийлвэл "akzeptieren". Сайнтай муутай, буруутай, зөвтэй, эвтэй, элдэвтэй нь бүгдийг хүлээн зөвшөөрөх. Ингэж чадвал ядрахгүй, зовохгүй, шаналахгүй. Харин нэг зарчим үйлчлэх ёстой нь, миний хувьд, алдарт инээдмийн жүжигчин, Чарли Чаплины хэлсэнчлэн, "Магадгүй миний зовлон хэн нэгний инээх шалтгаан байж болох юм, гэхдээ миний инээх шалтгаан хэзээ ч хэн нэгний зовлон байж болохгүй"... Бусдын хувьд ямар байхыг би мэдэхгүй л дээ.
Өөрийгөө, өрөөлийг хүлээн зөвшөөрч сурснаар би өөрийгөө том хүн болсонд тооцов. Дүүдээ юу гэж хариулсан бэ гэж үү?
- Муу хүн гэж байдаггүй байх аа...
Үнэхээр би түүнээс хойш энэ л үнэхээр муу хүн мөн гэх хүнтэй таараагүй юм.

Kommentare:

  1. "Сайнтай муутай, буруутай, зөвтэй, эвтэй, элдэвтэй нь бүгдийг хүлээн зөвшөөрөх"

    ёстой их таалагдав.

    AntwortenLöschen
  2. @Estee unshsand, setgegdlee uldeesend bayrlalaa. Mun sanaa niilj baigaad taatai bna.

    AntwortenLöschen