Freitag, 27. Januar 2023

Тунгаа юунд хүрсэн бэ?

Саяхан оны өмнөхөн их сургуулийн ангийн багштайгаа холбогдлоо. Багш маань манай энэ хавь руу ойртож иржээ. Эхнэр нь түрүүлж ирээд, 6 сарын дараа өөрөө араас нь ирсэн гэнэ. Одоохондоо хүүхдүүд нь Монголд аав ээж дээр нь байгаа гэнэ. Гурван хүүтэй болсон гэнэ. Эхнэр нь манай нөгөө ангийн охин тул бид гурав оройжин буу халав. 4 цаг гаран ярьжээ. Зөндөө ярьж, зөндөө инээж, миний сэтгэл жигтэйхэн онгойсон байв. 

Багш маань тушаал их дэвшжээ. Гоё гоё албан тушаалын нэр зөндөө зүүсэн гэнэ. Гэхдээ л нэг л болж өгөхгүй байна гэнэ. 

Багшийн эхнэр намайг бараг 10 жилийн өмнө явж байхад ямар зоригтой юм бэ, ажлаа, хамаг юмаа (хамаг юм гэдэг нь ажлаа л гэсэн үг л дээ) орхиод ийм зоригтой явчихдаг гэж бодож байсан гэнэ. 

Ангийнхныхаа тухай, төгсөлтийнхнийхөө тухай зөндөө ярьлаа. Ажил албаны хувьд ихэнх нь л сайн сайхан яваа юм байна. Нилээдгүй нь хоёрдах гуравдах амьдрал зохиожээ. 

Миний тухай ярих болов. 
- Хүнтэй суусан уу?
- Суугаагүй ээ.
- Хүүхэд?
- Гаргаагүй ээ.

Тэгээд би ярьлаа. Өнгөрсөн арван жил арван өдөр шиг л сүнгэнээд өнгөрснийг, хэл сурах, их сургуульд оюутан болох, сургуулиа төгсөх, амьжиргаагаа залгуулах гэж тэсч үлдэхийн төлөө тэмцсээр яваад энэ хүрсэнээ хэлэв. Надад ерөөсөө хүнтэй болзох ч зав байдаггүй байсан гэдгийг ойлгуулах гэж хичээв. 

Би багшаа өнгөрсөн хугацаанд оюутан л байлаа. Хамгийн том амжилт маань сургуулиа төгссөн явдал. Одоо харин амьдрал минь сайхан болсон. Ажилдаа дуртай, сайхан хамт олонтой (really love my team), миний бүх тэнэг joke-нд инээдэг, миний бүх тэнэг үйлдлүүдийг дэмждэг найз залуутай.

Аваад цуглуулаад хураачихсан юм нэгээхэн ч үгүй. Аа гэхдээ шавь чинь аймаар happy амьдарч байгаа.

Хөлсний байранд амьдардаг. Ажилдаа нийтийн тээврээр явдаг. Удахгүй унадаг дугуйгаар явдаг болохыг зорьж байгаа хүн ийм зоригтой сайхан амьдарч байгаа гэж хэлж болдог юм болов уу.  Монгол ёс заншлаа бодвол ядаж нэг байртай болж байж ингэж хэлэх нь зөв байх ёстой доо тэ.

Тунгаа юунд ч хүрсэнгүй. Тунгаа зүгээр л байгаа амьдралдаа сэтгэл хангалуун хүн болжээ. Энэ амьдралаа тэрээр өөрийн гараар босгосиймсанж л дээ. Тэгээд л тэр байж. хэхэхэ.

4 Kommentare:

  1. Мундаг. Энэ чигээрээ зөв замаараа зүтгээд байгаарай. Амжилт. Угаасаа тэр хэнд ч хэрэггүй, хийснийхээ үр дүнг ч харж амждаггүй, хийснээ хүнд булаалгадаг албан тушаалаар яах юм бэ дээ. Хүн хаана хэрэгтэй байна тэндээ л байх хэрэгтэй.
    Пиглет-с

    AntwortenLöschen
  2. хүүеээ сайн уу. өөртөө сэтгэл хангалуун сайхан амьдарч байна гэдэг чинь л хамгийн сайхан нь шүү дээ. сургуулиа төгссөн гэдэг чинь харин ч их хийж бүтээсэн зүйлтэй байнаа гсн үг

    AntwortenLöschen
  3. Аз жаргалтай бгаа чинь л хамгийн гоё шүү дээ 🥰

    AntwortenLöschen
  4. Улам их амжилт хүсье ээ Тунгаадаа, өөрөө өөрийнхөө босгосон гоё амьдралдаа сэтгэл хангалуун явахаас өөр жаргал гэж юу байхав.

    AntwortenLöschen