Donnerstag, 8. Juni 2017

Мөрөөдөл хэзээ биелдэг вэ?

Зуны сайхан намуун оройн мэндийг балкон дээрээсээ хүргье. Хажуудаа бас нэг пивотой. Хэхэ. Хүн ер нь мөрөөдлөө биелчихээд байгааг заримдаа анзаардаггүй юм билээ гэж Горзоок дээхэн үед ярьж байсныг саналаа.


1. Тагт
Одоогоос хоёр жилийн өмнө мөн зуны нэгэн орой би  Берлинд амьдардаг найзындаа оччихсон, бид хоёр түүний орон дээр зэрэгцээд хэвтэж байсан тухай хуучилъя. Найз маань тэр үед нилээд хуучны байранд амьдардаг байсан ба тэр байр маш өндөр адартай, мөн маш том цэлгэр цонхтой, цонхоор нь модод харагддаг, мөн нэг тийм зүймэл модон шалтай байсан юм. Бас чийг, хууч үнэртдэг байсныг ч санаж байна. Товчхондоо Берлин хотын захын нэгэн дүүрэгт байдаг, 1920-иод онд баригдсан хуучны, хөлсний байр. Гэнэт найз маань, Тунгаа чи энэ модны навчисийг харж байна уу хэмээн салхинд үл ялиг сэрчигнэх олон навчсийг мөн тэр навч, мөчрийг өөрөөсөө ургуулсан том модыг заасан билээ. Тэгээд, найз нь модон шалтай, том цонхтой, цонхоор нь модод харагддаг гэртэй болохыг, тэгээд яг ингээд л навчис сэрчигнэхийг хараад хэвтэж байхыг мөрөөддөг байлаа. Гэтэл мөнгийг нь төлөхөд боломжийн, ажилтайгаа ойрхон гэж сонгож түрээсэлсэн байр минь миний мөрөөдлийн гэр байх юм. Үнэхээр сонин юмаа гэж байсан юм.

Би яагаад үүнийг бичих болов оо гэвэл, одоо сууж буй энэ тагт, магадгүй дулаан энэ оройг ч хэзээ нэгэн цагт хүсч мөрөөдөж, дотроо төсөөлж байсан мэт таашаалыг би оройд ямар нэг кино үзээд, ганц нэг пиво уунгаа, эсвэл халуун кофегоо ганц нэг балгах зуур дэргэд шулганалдах олон шувуудын жиргээг өхөөрдөн өглөөг эхлүүлэхдээ, эсвэл бүр амралтын өдөр наранд ээн хэвтээд дуртай номоо уншихдаа мэдэрдэг билээ.

Энд ирнэ гэдэг миний мөрөөдөл уг нь байгаагүй л дээ. Гэхдээ л би яг хүсч байснаараа амьдарч байгаагаа мэдэрч байна.

2. Гутал
Би энд ирэхээсээ өмнө ажлын "шаардлагаар" өдөр бүр өндөр өсгийт өмсдөг байлаа. Сайтар индүүдсэн брюкэн өмд, өвдөг дөнгөж шүргэх банзал, цагаан срочкийг ч бас мартаж болохгүй. Цамц бүрээ гараараа угаадаг, гэртээ орж ирэнгүүт гараа угаасны дараа хамгийн түрүүн өмдөө индүүдэж өлгүүрт өлгөдөг "дэгтэй" амьдарч байхдаа дөнгөж л хорин нас өнгөрч байсан болохоор тэр үү хөлдөө маш эвтэйхэн, хөнгөн пүүз, энгийн жийнсэн өмд, зүгээр л нэг подволк углаад тааваараа алхаж явахыг маш ихээр хүсдэг байлаа. Гэвч миний хийж байсан ажил тухайн үедээ л надад тийм боломжит амралтын өдрүүдийг ч, тийм энгийн хувцаслалтыг ч зөвшөөрдөггүй байлаа. Пиджак минь дөрвөн товчтой, өмссөн бол заавал товчилж явах учиртай байсан тул таргалж ч болдоггүй, "формыг" сайн барьдаг байж.

Өнөөдөр угаалга цэвэрлэгээ хийн гэртээ өнжиж, пүүз бүрийн цагаан улыг оо, багахан сода цацан сойздож зогсохдоо гэнэт би маш их аз жаргалтай амьдарч байгаагаа мэдэрлээ. Яагаад вэ гэвэл хөлдөө л эвтэйхэн гуталтай алхахыг мөрөөдөж байсан охиныг өөрийнхөө дотор гэнэт олж хараад, өнөөдөр би яг тэр охины нүдэндээ харан төсөөлдөг байсан шиг өдөр бүр пүүз жийнс подволктой гүйгээд явж байгаагаа саналаа.

3. Оюутан
Би их сургуульд дөрвөн жил сурсан ч оюутан байж үзээгүй юм. Бакалаврын дипломтой төгссөн, төгсөөд бүр хийж байсан ажлаа дурдсан хир нь оюутан байж үзээгүй гэж юу гэсэн үг вэ? Оюутнаас огт өөр статустай, огт өөр амьдралтай байхдаа л би гадаад явж мастер хийе гэсэн бодлоо, хүслээ олсон билээ. Тийм тийм, тэгээд л "жинхэнэ оюутан" болох мөрөөдөлтэй болсон юм. Тэр мөрөөдөл минь надад маш олон олон хаалгийг нээж, олон олон газар оронд аваачиж, олон олон сайхан хүмүүстэй танилцуулж нөхөрлүүлсэн нь хамгийн сайхан нь. Гэвч би үүнийг олж харах хүртлээ нойроо харамладаг, шалгалтны өмнө стресстдэг, даалгавраа хийдэггүй байсан ба, өөрийнхөө энэ замбараагүй байдалд маш их түүртдэг байв. Германы Харвардад тэнцэж орчихоод..гэж Берлиний найзыгаа хэлэх хүртэл би өөрийгөө хаах нь яваагаа ч яг үнэндээ сайн мэдээгүй билээ. Гэтэл манай сургууль дэлхий дээрх олон олон залуусын "маш том мөрөөдөл" аж.

Өөрөө ч мэдэхгүй явахад аль хэдийн мөрөөдөл чинь биелчихсэн л байдаг гэж Горзоок маань хэлж байсныг ч бас санаж байна. Мөрөөдөл өдөр бүхэн, мөч бүхэн биелж байдаг аж. Харин бид түүнийг олж харах учиртай.
Женев нуурын эрэг Montreux Switzerland
/Франц хувилбараар Леман нуур Lacleman/
өөрөө эргээр нь алхаж явахдаа даржээ

Kommentare:

  1. хүүшээ, энэ хүн мөрөөдлөө биелүүлээд харагдаж үзэгдэхгүй байсан байна шдээ,, лагшин тунгалаг уу?

    би одоо бол хамаг тавилгаа өрсөн ч ядаж нэг хана хоосон үлддэг гэрт амьдармаар байна даа кк, нээрээ герман явдаг юм билүү

    AntwortenLöschen
  2. Гутал хувцасаа угаагаад л аж төрж байна өө. Чи сайн уу? Ирээч хэхэ

    AntwortenLöschen
  3. би нээрээ гадаад явмаар байнаа хаха, энд ерөөсөө гадаад шиг санагдахгүй байна, удахгүй ирчихсэн шүү намайг авраарай гэнээ яахуу ккк

    AntwortenLöschen
  4. Энд надад бас гадаад шиг санагддаггүйшд хаха. Одоо авардаг л байх даа ккк

    AntwortenLöschen
  5. ядаж л өнгө дүрс нь арай өөр хүмүүс хармаар байшд хаха

    AntwortenLöschen
  6. за бас тийм шүү хүрээд ирээ үзээ хараа

    AntwortenLöschen
  7. Монголд байхдаа ресепшн хийж байсан юмуу? ( оюуныхаа бядаар л сэтгэж асууж байгаан шүү). Гоё пост байна

    AntwortenLöschen
    Antworten
    1. За ер нь оюуны бяд сайтай юм байна аа!

      Löschen
  8. анх удаа оржийшд, уншжиймаарын байна

    AntwortenLöschen
  9. Би франц явах мөрөөдлөө нэг л өдөр биелүүлнэ дээ гэж.

    Бүх зүйлд нь амжилт шүү. Дэгжин бүсгүй минь.

    AntwortenLöschen